| Мэндчилгээ |
|
|
|
| Зохиогч Administrator |
| 3 дах өдөр, 16-12-2009 14:26 |
|
Их эзэн богдын алдраар овоглосон Чингэс хаан дээд сургууль нь 1999 онд Монгол Улсын Гэгээрлийн сайдын 97 тоот тушаалаар байгуулагдсан түүхтэй бөгөөд “Чингэс хаан” нэртэй Монголын анхны дээд боловсролын байгууллага юм. Өнөөдөр манай сургуульд Удирдах зөвлөл, Захиргааны зөвлөл, Эрдмийн зөвлөл, Сургалтын алба, Санхүү аж ахуйн алба болон мэргэжлийн 6 тэнхим, эрдэм шинжилгээ, судалгааны 3 сэтгүүлийн редакци, 4 төв, Номын сан, Оюутны зөвлөл, Дотуур байр, Оюутны эрдэм шинжилгээний клуб гэсэн нэгжүүд ажиллаж байна. Одоо 3000 орчим м кв талбай бүхий хичээлийн 2 байр, 580 м2 хэмжээтэй дотуур байртай. Сургалтын агуулгыг оюутнуудад нээлттэй болгох үүднээс сургалтын хөтөлбөр төлөвлөгөөг электрон хэлбэрээр мэдээллийн баазад байрлуулсан нь оюутанд хичээлээ урьдчилан судлах боломж бололцоог өгсөн юм. Одоо шинжлэх ухааны доктор 4, боловсролын доктор 5, профессор 3, дэд профессор 3, докторант 5, магистр 20 болон өргөжсөн. ЧХДС-ийн үйл ажиллагаатай Монгол Улсын төр, засгийн тэргүүнүүд биечлэн танилцаж, профессор багш нарыг хүлээн авч уулздаг уламжлал 2004 оноос тогтсон юм. Сургуулийн профессор багш нарын төлөөлөгчдийг 2004 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди, 2005 онд Ерөнхий сайд Ц. Элбэгдорж, Ерөнхийлөгч Н. Энхбаяр 2006, 2007, 2008 онд тус тус хүлээн авч санал хүсэлтээ харилцан солилцсон бол, 2006 онд Ерөнхий сайд М.Энхболд сургууль дээр хүрэлцэн ирж сургуулийн ажил байдалтай биечлэн танилцсан билээ. Энэ нь сургуулийн процессор-багш, оюутан залуусын идэвхи санаачлагыг өрнүүлэх, сургуулийн хамт олны нэр өргөн сурталчилахад чиглэсэн арга хэмжээ болсон юм. Өнгөрөгч хугацаанд тус сургуулиас Монгол Улсын гавъяат цолтон 2, боловсрол, шинжлэх ухаан, нийгмийн халамж зэрэг салбарын тэргүүнээр 5 багш, төр, засгийн одон медалиар 6 хүн тус тус шагнагджээ. Байгуулагдсан цаг үеэсээ эхлэн сургуулийнхаа оюутан залуучуудын дунд “Эрдмийн тангараг”-ийн баяр, Эзэн хааны цомын төлөөх сагсан бөмбөгийн тэмцээн, “Их хуур” урлагийн наадам, “Тэмүжин-Эрдэм” оюутны эрдэм шинжилгээний хурал, “Оюутны хишиг өдөр”, “Цасны баяр” зэрэг олон ажлыг анх санаачлан зохион байгуулсан. Одоо манай сургууль 1000 орчим оюутан суралцагчидтай хичээллэж байгаа ба өнгөрсөн 10 жилийн хугацаанд 700 гаруй оюутанд боловсролын бакалавр зэрэг, 20 гаруй хүнд магистрийн зэрэг олгосон байна. Өнгөрөгч хугацаанд олон арван авъяаслаг оюутан залуус суралцан төгссөний дотор Монгол Улсын начин Ёндонсамбуу, сагсан бөмбөгийн лигийн “Баганат өргөө” багийн довтлогч, Монгол улсын шигшээ багийн тамирчин, ОУХМ Г.Ихбаяр, Мөнхбаяр, жүдо бөхийн олон улсын хэмжээний мастер О.Оюунболд нарын спортын алдартнууд, “Хоёр хүү” хамтлагийн гишүүн Нармандах /Гавана/, “Чингэс хаан” хамтлагийн гитарчин Р.Дүүжидням зэрэг урлагийн авъяастнуудыг дурдаж болно. Оюутан суралцагчдад хандсан нийгмийн хүрээний асуудал нь тэтгэлэг, хөнгөлөлтүүд байдаг. Энэ үүднээс сургуулийн захиргаа уг асуудалд ихээхэн анхаарал тавьсаны үр дүнд нийт 54 оюутныг сургуулийн зүгээс сургалтын төлбөрийг зуун хувь болон тодорхой хувиар хөнгөлсөн байна. Түүнчлэн хамтран ажилладаг гадаадын байгууллага, иргэд оюутан залуусын сурч хөдөлмөрлөх үйлст гүн их дэмжлэг үзүүлсээр ирсэн бөгөөд тухайлбал, АНУ-ын Макалестер коллежийн Антропологийн тэнхимийн тэргүүн, ЧХДС-ийн хүндэт доктор, профессор Жек Ведерфорд нь 2000 оноос хойш сургуулийн нийт 12 оюутны сургалтын төлбөрийг хариуцсан юм. ЧХДС-ийн нэр хүнд жилээс жилд өсөхийн хэрээр гадаад харилцаа өргөжиж байна. 2004 онд Монголын их, дээд сургуулиудын дотроос анх удаа Сөүлд төвтэй Азийн их, дээд сургуулиудын холбоонд гишүүнээр Чингэс хаан дээд сургууль элссэн юм. Гадаад харилцааны хөгжлийн нэг хэмжүүр бол ЧХДС-ийн оюутан залуусыг гадаадын 10 гаруй орнуудын их дээд сургуульд 30 орчим оюутан, залуусыг суралцуулсан. Өнөөгийн байдлаар БНСУ-ын Сан Мүүн , Дэгү, Хьюндэй, Шашны их сургууль, АНУ-ын Макалестер, БНХАУ-ын Технологийн дээд сургууль зэрэг гадаадын 10 гаруй их, дээд сургууль, коллежуудтай эрдэм шинжилгээ, оюутан солилцооны шугамаар харилцаж байна. Өнөөдөр ЧХДС-д гадаадын 5 орны 10 гаруй оюутан залуус суралцаж байна. Өнөөдрийн байдлаар манай сургууль 2004 онд “Чингэс хааны нэвтэрхий толь”, 2006 онд “Монголын аялал жуулчлалын нэвтэрхий толь” зэрэг 4 нэвтэрхий толь, 40 орчим нэгэн сэдэвт ном, 5 газрын зураг, 600 орчим өгүүлэл, нийтлэл хэвлүүлэн нийтийн хүртээл болжээ. Сургууль 2000 оноос эхлэн “Чингэс хаан судлал” хэмээх эрдэм шинжилгээний цуврал сэтгүүлийг тогтмол гаргаж ирсэн ба өдгөө нийт 12 дугаар хэвлэгдээд байна. Тус сэтгүүлд дан ганц Чингэс хаантай холбогдолтой бүтээлүүдээс нийтлэгдсэнээс гадна улс төр, эрхзүй, эдийн засаг, соёл, газарзүй, гадаад харилцаа, археологи, боловсрол судлал болон шүүмж судлал зэрэг олон төрөл чиглэлийг багтаасан юм. Тус сэтгүүлээс гадна “Боржигин судлал” нийт 4 дугаар, “Торгууд товчоон” хэмээх сэтгүүл 2 дэвтэрийг эрхлэн гаргасан бөгөөд энэ нь өөр өөрийн өвөрмөц агуулгыг харуулсан бүтээлүүд болж байгаа юм. Мөн Монголын Үндэсний Олон Нийтийн телевизтэй хамтран “Нууц товчооны нууцаас”, Боловсрол телевизтэй “Өмнийн говийн өв, соёл” зэрэг танин мэдэхүйн нэвтрүүлэгүүдийг хамтран бэлтгэж хэд хэдэн дугаарыг гаргасан байна. Эрдэм судлалын ажлын хүрээнд 2006 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газартай хамтран “Буурал түүхийн жимээр” түүхэн аялалыг эрдэмтэн багш нар (доктор профессор Х.Шагдар, Д.Болд-Эрдэнэ, профессор О.Сүхбаатар, докторант Х.Ариунболд нар) амжилттай зохион байгуулсан юм. Эрдэм судлалын ажлын хүрээнд гадаад дотоодын олон байгууллагуудтай хамтран төсөл хэрэгжүүлж ирсэн бөгөөд эдгээр нь эрдэм судлалын ажилд үр өгөөжөө өгсөөр иржээ. Тухайлбал, · 1999-2006 онд АНУ-ын Макалестер коллежийн Антропологийн салбарт хамтарсан “Чингэс хааны түүхэн замнал” төсөл · 2001-2004 онд Дэлхийн байгаль хамгаалах сантай хамтран “Алтай Саяны байгалийн өв, археологийн дурсгал” төсөл · 2003-2008 онуудад Хүрээ нүүдэл төсөл · 2007-2009 онд АНУ-ын Төрийн департаментаас санхүүжүүлж буй “Улаанбаатар хот (Баянзүрх, Туулын сав) орчмын археологийн дурсгалыг хамгаалах “Туулай-1” төсөл зэрэг төслүүдийг хэрэгжүүлсэн. Зарим ажил нь одоо ч үргэлжилж байна. Спорт цогцолбор, олон улсын хэмжээний номын сан, дадлагын төв, тохилог орчин бүхий дотуур байр, багш ажиллагсадын орон сууцнаас бүрдсэн цогцолбор барих, улмаар “Монголын шилдэг 10 сургуулийн нэг Чингэс хаан их сургууль” болох зорилго та бидний өмнө тавигдаж байна. “Хэнд эрдэм буй, түүнд хүч буй” гэсэн их эзэн Чингэс хааны сургаалыг эрин үеийнхээ тэмүүлэл болгож, дэлхийг эрдмээрээ чимэцгээе.
|
| LAST_UPDATED2 |
Холбоо барих
Хаяг: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Ж. Батмөнхийн гудамж 9
Улаанбаатар-46, Ш\Х-1003
Утас/Факс: 350155, 350157, 99110283, 99195961
Э-мэйл: chinggiscomplex@magicnet.mn
Веб хуудас: www.chinggiscomplex.mn



















